Chapter 1
- Баярлалаа. Дараа ахин үйлчлүүлээрэй.
Дэлгүүрийн кассан дээр бараагаа бичүүлэн худалдан авалт хийх хүн бүрт хандаж хамгийн эелдгээрээ мишээсээр бөхийх миний энэ үгс болон үйлдлүүд байнгын давтамжтай.. Яг л робот шиг..
Сүүлдээ өөрийнхөө хүн мөн эсэхийг ч ялгахаа байлаа шүү..
Ийн арайхийж ажлын цагууд дуусах үестээ хөших шахсан биеийнхээ чилээг гаргахаар хоёр гараа байдгаар нь тэнийлгэн суниасаар эргэн тойрноороо нүдээ гүйлгэвээс хүнгүй гэж бодож байсан тэр аниргүй орчинд хамгийн цаад эгнээний тавиурын дэргэд хэн нэгэн этгээд над руу ширтэн зогсож байхтай тулгарчихлаа.
Ямар ч илэрхийлэлгүй мэт хоосон харцаар над руу ширтэх тэрээр дөнгөж л хорь гарсан болов уу гэмээр залуухан бөгөөд царайлаг төрхтэй, өндөр нуруутай өв тэгш гэж тодорхойлж болмоор сайхан залуу байсан юм.
Гэхдээ л уг нүд цавчихгүй шахам ширтэлт нь намайг эмээхэд хүргээд байсан тул би түүнд аль болох анхаарал хандуулахгүйг хичээсээр эргэн тойрноо цэгцэлнэ.
Гэсэн ч тэрээр ахин арваад минутын турш дороо хөдөлгөөнгүй зогссоор байсан бөгөөд үүдээр нэгэн эмэгтэй орж ирээд худалдан авалт хийчихээд гарсны дараахан миний зүг алхаж эхлэх нь тэр.
Би дотроо битүүхэн түгшүүр зарласаар түүн рүү эелдгээр инээмсэглэхдээ юу хэрэгтэй болохыг асуухдаа байдал бишидвэл ажлын өрөөнд нойрсож байгаа ээлжийн ажилтнаа дуудна хэмээн бодоод амжлаа.
Тэгтэл тэр залуу кассны урд, өөрөөр бол эгц өөдөөс минь харсан байрлалд зогссоноо баруун гараа аажмаар өргөн надтай мэндчилж буй бололтой үл ялиг сэгсрэв.
Тэр галзуу юм байх даа?
- Өршөөгөөрэй. Танд ямар нэг хэрэгтэй зүйл байхгүй бол дараа ирээрэй. Би ажлаа хүлээлгэж өгөх болчихлоо хэмээн тайвнаар өгүүлэх явцдаа дуртай дургүй үйлдлийг нь дуурайваас түүний урууланд үл ялиг инээмсэглэл тодорсон ажиглагдана.
Гэсэн ч түүнийг хөдөлгөөндөө ер өөрчлөлт оруулалгүй өөдөөс ширтэн зогссоор буй нь асуудал болсоор.
Эцэст нь би аргаа барсандаа кассаа тойрон түүн дээр очоод мөрөн дээр нь гараа тавьж хаалга тийш заагаад эелдгээр гарахыг хүссэн ба тэр хэлснийг минь үл ойлгох мэт л өөдөөс гөлийн ширтсээр байлаа.
Тэр үнэхээр миний уурыг барж чадаж байна..
- Та чинь дүлий юмуу? Гуйя, надад саад бололгүй зүгээр л явчих. Орой болчихож, би хурдан гэртээ харих хэрэгтэй байна.
Эцэст нь уураа барьж ядсаар шүд зуунги ийн хэлээд нуруунд нь хөнгөхөн түлхэлт өгөхөд л нэг юм тэр эргэж харалгүй цаашлан алхсаар үүдээр гарчихав.
Үүнд нь бага ч болов талархсаар ядарч туйлдаж орхисон би уртаар амьсгалсаар ажлын өрөөнд явж ороод ээлжний хүн болох Юнгиг сэрээчихээд гадуур хувцас болон цүнхээ авмагцаа түүнтэй салах ёс гүйцэтгээд гадагш гарлаа.
Дэлгүүрээс гарах явцад хананд өлгөөстэй цаг оройн арван нэгийг зааж харагдах ба яаж харина даа хэмээн өөртэйгөө ярилцсаар гадагш гартал үүднээс тавхан алхмын зайд ахиад л мөнөөх этгээд зогсож байх нь тэр.
Нэг их анзаарсан царай гаргалгүй шуудхан баруун тийш эргээд хэсэг алхсаныхаа дараа аажмаар эргэж харвал тэр залуугийн арваад алхмын зайд араас дагаж буй нь үзэгдэнэ.
Тэр яах гээд байгаа юм бол?
Гаж донтон юм байх даа?
Эсвэл дээрэмчин.. бүр алуурчин юм болов уу?
Ийн түүнээс эмээх сэдэл төрүүлэх өчнөөн бодлууд толгойд эргэлдэж эхлэхэд би алхаагаа улам л түргэсгэх бөгөөд үүнийг даган зүрх түргэн түргэн цохилсоор..
Автобус хэдий нь зогсчихсон тул гэр хүртэлх замаа явган туулахаас өөр аргагүйд хүрэх би өөрийгөө бүрмөсөн айдаст автуулахгүйг хичээн уртаар амьсгалсаар эгц урагш харсан чигтээ тайвнаар алхахыг хичээнэ.
Гэвч ардхан талд аясанд минь тааруулж байна уу гэлтэй намуухан хөлийн чимээ сонтсоор байсан бөгөөд дороо зогсон аажмаар эргэж харвал мөнөөх залуу ард минь байсаар л байлаа.
Гадаа харанхуй байсан ч гудамжны гэрэлтүүлгийн ачаар түүний хувиралгүй төрх болон хөдөлгөөнгүй бие нүдэнд торох юмгүй үзэгдэх ба яагаад ч юм сандрал минь арай л намжаад байсанд би ахин урагш хараад алхаж эхлэв.
Тийн сандарч тэвдэн явсаар байрныхаа үүдэнд ирээд нэг юм дороо зогсоод эргэж харахад арваад алхмын цаана түүний бараа харагдсаар л..
- Өөрөө хэн юм? Яагаад намайг дагаад байгаа юм бэ?
Зориг гарган байж аль болон чанга дуугаар ийн асуусны маань хариуд ямар ч дохио үл өгөх тэрээр зүгээр л өөдөөс мөнөөх л ямар нэг утга учир үл өгүүлэх харцаар ширтсээр..
Хормын дараа түүнээс хариу олж сонсож чадахгүйгээ ухаарсан би шуудхан эргэж хараад орц руугаа явж орох бөгөөд хоёронтоо шатаар гүйн өгсөж амьсгаадсаар гэрийнхээ үүдэнд ирлээ.
Эргэж хараад золоор ч гэх үү мөнөөх этгээдийг алга байсанд бага ч болов санаа амран уртаар амьсгалаад үүдээ түлхүүрдэн онгойлгож дотогш явж ороход өнөө л нэг харанхуй орчин намайг угтана...
Өглөө сургуулийн зүг явахаас тийршаасаар дуртай дургүй хаалгаа түгжин шатаар уруудаад орцноос гартал хачирхалтай нь өчигдөр оройн хачирхалтай хүн замын цаана яг л намайг хүлээж буй мэт өөдөөс харан зогсож байснаа гараа хагас өргөн даллах нь тэр..
Гайхалтай.. Тэр яагаад энд ирчихсэн байгаа юм бол?
Энэ байранд амьдардаг юм болов уу?
Эсвэл намайг дагасаар л байна уу?
Бурхан минь, ямартай ч үүнийг зүгээр л тохиолдол гэж хэлээд өгөөч?
Түүний ерөөс хувиралгүй төв царайтай тулгарах хүсэл ерөөс үгүй тул би түргэхэн түүнээс харцаа салгаад зүүн тийш эргэн түргэн гэгч нь алхлаа.
Тэгтэл энэ удаад ч бас тэр намайг сургуулийн үүд хүртэл дагасан юм.
Аравхан минутын турш алхаад туулчих зайд түүнээс зугтахын тулд ийш тийш савчиж бултсаар бараг л гурав дахин илүү хугацаа зарцуулчихлаа..
Арайхан хоцорчихолгүй хонхны дуутай уралдсаар сургуулийн гол хаалгаар явж ороод цаашлах явцдаа амьсгаадсаар эргэж харахад минь тэр залуу намайг цоо ширтсээр ард хоцорно.
Ямар гээчийн хачин хүнтэй учирчихав аа?
Ажил, гэр, сургууль гээд.. хаа сайгүй дагачих хэрэг үү?
Үгүй дээ, би л тэнэг алхам хийгээд түүнд бүх зүйлээ заагаад өгчихлөө!...
Эрх зүйн хичээлийн үеэр багшийн хэт удаан яриа танхимд буй бүх л сурагчдыг хангалттай залхаагаад байсан бөгөөд олонхтой санал нэгдэх би ч эвшээлгэсээр орчноороо харцаа гүйлгэн ямар нэг сонирхолтой үйл явдал хайна.
Тийн явцдаа цаад эгнээний хамгийн арын суудалд чимээгүйхэн ноцолдон хөгжилдөх Хусог болон Жимин хоёрыг жаал ажиж баясчихаад цонх тийш харцаа тусгалаа.
Тэгтэл бас л.. тэр залуу сургуулийн хашаан дотор зогсох бөгөөд ийш тийш алхан харцаараа ямар нэг зүйл эрж буйг нь мэдмэгцээ би толгой бөхийлгөн ширээндээ нүүрээ наах шахав.
Энэ хүн яг яах гээд байгаа юм бэ?
Яалт ч үгүй.. эрүүл хүн биш..
***
Хамгийн хачирхалтай нь энэ байдал бараг л долоо хоногийн турш үргэлжилсэн юм..
Өглөө гэрээс гарахад байрны үүдэнд надтай мэндчилээд хүлээж л байна.. Дараа нь сургууль хүртэл дагаж.. хичээлийн цагуудын турш гадаа зогсоно..
Үүнээс нь болоод би завсарлагаанаар хүртэл гадагш гарахаа байлаа.
Гэсэн ч яах ч аргагүйгээр хичээл тарсны дараа ажлын байрны зүг алхах явцад тэр мөн л чанх ард алхсаар..
Дараа нь ажилладаг дэлгүүрийн маань дотор аль эсвэл гадна намайг цоо ширтээд зогсчихно..
Тэгээд л орой болоход гэр хүртэлх замд араас дагана даа..
Хэдий олон удаа бултахыг хичээсэн ч яагаад ч юм энэ хүнээс холдож чадахгүй байна..
Бас түүнтэй яриа өдөхийг хэд хэдэн удаа оролдсон ч энэ бүтээгүй.
Тэр ам нээхийг ч хичээдэггүй, зүгээр л муухан инээмсэглэх аядсаар өөдөөс гөлөрсөөр байдаг..
Яг яахаа мэдэхгүй байна..
Тэр муу хүн шиг санагдахгүй байгаа ч.. танихгүй хүн нь алхам ч холдолгүй дагаад байвал хэн ч эвгүй санагдана биз дээ?..
Тэр яг хэн юм болоо?
Яагаад намайг дагаад байгаа юм бол?