Real color of our love

Summary

Mongolian fiction. "Бүх зүйл хар цагаанаар холигдон үзэгдэх он жилүүдийн эцэст тэр амьдралд минь гарч ирэн миний цэнхэр болж, намайг өөртөө уусгаж байсан. Дараа нь маш удаан хугацааны дараа би түүний нил ягаан болсоноо мэдсэн... Аз жаргалтай хэдий ч гунигтай."

Status
Excerpt
Chapters
1
Rating
n/a
Age Rating
16+

Special feeling


Энэ орчлонд мэндэлсэн цагаасаа, бүгдийг би хар болоод цагаанаар л хардаг байсан. Байсаар ч байна. Магадгүй байх ч болно. Тийм үү?

Би бол дэлхийд гучин мянган төрөлтөд ганц тохиох өнгөний сохор өвчнөөр тэр дундаа бүрэн өнгө ялгадаггүй буюу Ахроматопси бүлгээр өвчилсөн нэгэн. Амьдралд өнгө ямар нэмэр оруулдгийг мэдэхгүй арван долоон настай, өрөвдөлтэй охин. Хар бас цагаан, энэ л зөвхөн миний хорвоог үзэх үзлийн илэрхийлэл, ямар ч мэдрэмж, сэтгэгдэл байхгүй. Зөвхөн хар бас цагаан.

Би энэ байдлаа үзэн ядаж бас хайрлалаг.

Ангийн охин ирээд өнгийн харандаанаасаа шар өнгийг нь өгөөч гэвэл би түүнд бүгдийг нь өгчихдөг. Мэдэхгүй юм чинь! Харин дараа нь тэр буцааж өгөөд "Би чамд шарыг гэж хэлээ биз дээ, яагаад бүгдийг нь өгч байгаа юм. Бурхан минь одоо хүртэл өнгө ялгаж сураагүй хэрэг үү" хэмээдэг. Тэр бүрт нь миний цээж хатгуулан өвдөж, зүрх рүү нэг бяцхан модны үртэс өвдөлттэй хамт шигдээд орчих шиг л болдог.

Гэлээ гээд би хэзээ ч уйлж байгаагүй. Яах юм, угаасаа нүднээсээ давслаг ус гаргалаа гээд бурхан гээч нь намайг өрөвдөөд өнгө хардаг болгочихгүйгээс хойш.

Сайн зүйл нь гэвэл өдрийн 3 ээлжээр ажил хийж, хоёр хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон ээждээ би дараа болохгүй. Бусад айлын охид шиг ийм ч өнгөтэй даашинз, тийм ч өнгөтэй хүрэм гээд цаг минут тутамд нэхэж, шаналгахгүй. Над мэтэд бол биед эвтэйхэн, сул, хөнгөхөн хувцас л байхад болоод явчихна тэр.

- Ким Нарим хичээлдээ явцгаая! Хэмээсээр ах минь дүрэмт хувцсаа янзалсаар өрөөндөө орж ирлээ.

Бид хоёр нэг өрөөнд байдаг. Бүүр жаахан байхаасаа л хамт байсан болохоор ямар ч зүйл байсан ганц түүнд л хэлдэг.

- Заа, ахаа гэхдээ би өөрөө зам гарч чадна шүү дээ. Танай сургууль хол ш дээ. Та энэ удаад өөрөө түрүүлж сургуульдаа яв аа. Надаас болж дандаа хоцордог биз дээ.

Тэр шилэн хүзүүгээ илэн:

- Мэдчихэж ээ. Гэхдээ чи л аюулгүй байвал болоо шүү дээ. Би чинь хэн билээ. Ким Намүн шүү дээ. Хэнээс ч илүү ухаантай, хүчтэй залуу гэсээр инээмсэглэлээ.

Намайг тавдугаар ангиас минь хойш сургуульд минь хүргэж, авдаг ах минь. Тэр үнэхээр худалч.. Энэ дэлхий дээрх хамгийн тэнэг бас өрөвдөлтэй охины төлөө тэр худлаа ярьдаг.

Би мэддэг, харин тэр мэддэггүй.

Ингэтлээ хайрлаж, хамгааллаа гээд би түүний жинхэнэ дүр төрх ямар гайхамшигтай болохыг , түүний нүд, үс ямар өнгөтэйг, ямар өнгөнд дуртайг гээд л бүгдийг мэдэж чадахгүй гэдгийг тэр ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй.

- Зам гарахаар бол зөвхөн гарцаар л гарах ёстой. Тэр чинь надад зам дээр тодорч харагддаг ш дээ. Бас гэрлэн дохио. Хамгийн дээд талд нь улаан буюу зогсох, дунд нь шар буюу анхааралтай байх, хамгийн сүүлд нь ногоон буюу гарч болно. Эд ч бас тодорно шүү дээ. Ким Намүн!

- Энэ золиг чинь, ахыгаа нэрээр нь дуудаад л том болчихож ээ.

- Өөхх, ах минь би аль зургаан жилийн өмнө том болчихсон байсан шүү дээ. Та анзаараагүй бололтой.

Ким Намүн, Сөүлийн их сургуулийн хүмүүнлэгийн тэнхимийн нэгдүгээр курсийн сурагч. Надад хэлснээр ангидаа сурлагаараа нэн түрүүнд, харин ангийнх нь хүүхдээс асууснаар дунд түвшинд, идэвхи сайн суралцдаг гэсэн. Бодоод байх нь ээ, царайгаараа хүртэл дунддаа, за бараг л түүнээс доош орох юм байна шүү.

Харин түүний ангийн И Мину ах үнэхээр царайлаг. Тэр хүнийг харж явдаг болоод одоо яг дөрвөн сар болж байна. Анх энэ тухай ахад хэлэхэд тэр Мину ахын цамцыг хулгайлаад авчирч өгч байсан.

Би үсээ задгай тавиад, орон дээрээс үүргэвчээ аван ах руу очлоо.

- Автобусны буудал хүртэл хамт явна шүү. Түүнээс цааш би өөрөө явна. Ойлгосон уу? хэмээн хэлээд хөмсгөө зангидлаа.

- Маш сайн ойлгосон, хатагтай Ким гэж тэр хэлээд баруун чихний араар үсийг минь хийж өглөө.

- Хөөрхөн байна, үсээ энгийн маягаар задгай тавихад бол ашгүй нэг насандаа дөхөм харагдаж байна ш дээ. Миний хөөрхөн дүү!

Энэ муу чинь, доромжлоод байна уу, эрхлүүлээд байна уу. Хачин юм.

Би түүний үсийг сэгсийлгэн "Та ч бас аятайхан засаж, хэв оруулмаар юм даа. Яг цахилгаанд цохиулсан юм шиг харагдаж байна гээч" гээд илт тохуурхсан янзтайгаар чанга гэгч нь инээлээ.

- Миний хоёр үр яваагүй байсан юм уу? Хичээл орох цаг боллоо ш дээ гэж үүд хавиас ээжийн дуу гарлаа.

Хөөх, ээж яваагүй байсан юм уу.

- Ээжээ, та яваагүй байсан юм уу?

- Шүүгээн дээр утсаа мартчихаж ээ. Сая яаж таксинд суугаагүй байх даа санасан юм. Дараа нь санасан бол мөнгө гарздах байсан шүү гээд сэтгэл дүүрэн инээмсэглэлээ.

- Миний охин өнөөдөр их гялалзаж байна шүү.

Ээж ийн хэлэхэд түүний хоолой эхлэлээс, төгсгөл хүртэл аажим аажмаар цааш орон байлаа.

Үүгээр миний амьдралын нэг өдөр эхэлдэг. Тэгээд мөн адилхан дуусдаг.

- Ахаа, та өнөөдөр надад зав гаргаагүй биз?

Бид гэрээс гараад, ээжийг таксинд суулгаж өгчихөөд автобусны буудал алхах замд би ээжийн өгсөн сникерсийг идэнгээ асуусан юм.

Ах хэсэг бодол хийн зогссоны эцэст "Зав бол харин ч нэг байгаа байх шүү. Яасан?" хэмээн хариу асуулт хэллээ.

- Хэдэн хувцас сонгоход туслаач. Хоёр жилийн өмнөөс халаасны, болоод бага бага хүүхдүүдэд даалгаврыг нь хийж өгөөд авдаг байсан мөнгөөрөө хувцас авах санаатай гэж хэлэхэд тэр духыг минь нясалж орхив.

- Муу горил минь, яаж байна аа!

Намайг духаа үрэн өвдөлтийг нь намдаах зуур ах "Битгий ахиж тийм зүйл хийгээрэй. Чи тэдэнд тусалж буй мэт боловч, угтаа бол мэдэх сэдлийг нь самууруулан, сарниулж байдаг шүү. Тиймээс хийсэн зүйлээ зөв зааж өгч болохоос биш хуулуулж, өөрөө хийж өгч ердөө болохгүй. Ойлгосон уу?" гэлээ.

- Нээрээ тийм юм байна. Би ахиж тэгэхгүй ээ. Амлая! Ким Нарим миний бие ахиж хүүхдүүдэд хичээлээ хуулуулж, түүнээсээ өөрийн ашиг сонирхолд нийцсэн төлбөр авахгүй гэдгээ андгайлж байна. 2019 оны 9 сарын 24.

Намайг баруун тэгш хэмтэй, хагас өргөн зогсож байхдаа өөрийн амлалтыг хэлж байх хооронд манай сургуулийн чиглэлийн автобус явж өнгөрлөө.

- АВТОБУС!

Ах бид хоёрын хэн хэн нь бие бие рүүгээ харан ингэж орилов. Дараа нь хурдан хурдан алхан, автобусны буудал руу улам дөхөв.

Ярингаа алхаж байсан нь болж.

Би автобусанд сууж амжлаа. Ахын сургууль өөр зүгт байдаг болохоор тэр, мэдээж өөр чиглэлд сууна.

Ороход ихэнх суудлыг нь хүмүүс эзэлчихсэн байв. Ийш тийш харан суудал эрж байхад нэг эгч босохтой таарав. Би түргэхэн шиг очиж суулаа. Дараа нь ахад баяртай гэж хэлэв.

Үүргэвчээ өвдгөн дээрээ тавиад, цахилгааныг нь онгойлгон чихэвчээ гаргаж ирээд зуршил ёсоороо орооцолдсон хэсгүүдийг нь тайлчихаад, утсаа гаргаж ирэн дуртай дуугаа тавилаа.

"Hooverphonic - Mad about you"

Koningin in Elisabethzaal 2012 оных нь эх бичлэг дуунаасаа, хавь илүү зөөлөн санагддаг. Илүү их тайвшрал, ирээдүйн талаарх бодол.

Чихэвчээрээ дуу сонсоод явж байтал хаанаас ч юм бэ, толгойгоо цонхоор цухуйлгах санаа орж ирлээ.

Тэгээд хийчихсэн. Бурхан минь! Үхэх нь дутаж дээ.

- ХӨӨЕ, ОХИОН. ЧИ ЖОЛООЧИД ТҮР ЗОГС ГЭЭД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ? БИ ХОЦРОХ ГЭЭД БАЙНА АА.

Хэн нь мэдэгдэхгүй, урьд өмнө нь харж үзэж байгаагүй, танихгүй хөвгүүн дүрэмт хувцас нь хааш яаш болчихсон, автобусны араас гүйж явахдаа цонхоор толгойгоо жаахан ил гаргасан намайг хараад шуудхан хашгирч байхад би яагаад ч юм түүний үгээр орилчхов.

- ЖОЛООЧОО, ЗОГСООРОЙ! гээд яг урд талд нь галт уул дэлбэрч, цунами болж, хуй салхи ирж буй мэт хашхирлаа.

Жолооч ах маш хүчтэй тоормосолсон болохоор, жолоондоо толгойгоо цохичхов.

- Яая! хэмээн тэр ах өвдсөндөө дуу алдана.

Энэ хороонд өнөөх банди чинь орох хаалганы урд ирчихсэн, нүүрээ наагаад зогсож байлаа.

- Ахаа хаалгаа онгойлгоорой, энэ хүүхэд орох гээд байх шиг байна хэмээн мэдэхгүй хүн шиг ярилаа.

Тэгэхэд зүүн талын 3 дахь суудал дээр сууж байсан эмээ "Одооны хүүхдүүд үү, худлаа найз бандиа оруулах гээд л... Би сая тэр бандийг наад охинд чинь гаднаас юм хэлж байхыг нь сонссон шүү" гэж үг хаялаа.

Нүүр минь улайгаад, гар халуу түүгээд ирэв. Хараал идэг, би ичээд байна.

Жолооч ах ууртай нь аргагүй хаалгаа онгойлгоход өнөөх банди, хурдхан гэгч нь орж ирээд, картаа уншуулав.

Тэгээд намайг хаа нэг тийшээ харуулахыг хүсэн баруун гараараа тэрхүү зүг рүүгээ заалаа.

Харвал хоёр хүний, хоосон суудал байх ажээ.

- Хамт сууя гэж үү?

- Тийм ээ, тэгье, болох уу? гэхэд нь толгой дохилоо.

Тэр инээмсэглэхэд би ч мөн инээмсэглэв.

Суудалдаа суусан хойноо чихэвчээ зүүгээд үзвэл, сонсож байсан дуу маань аль хэдийн дуусаж, өөр нэг дуу эхэлжээ.

Үүнтэй ижил миний ганцаардал төгсөж, дулаахан хүн хажууд минь ирсэн юм.

- Чамайг хэн гэдэг юм?

Одоо хэрэггүй болсон юм чинь гэж бодон цүнхэндээ утас, чихэвч хоёроо далд хийж байхад тэр өөрийн буржгар үсийг янзлах мэт болон ийн дуугарлаа.

- Ким Нарим, харин чамайг?

- Ким Жинү гэдэг. Танилцсандаа таатай байна

Түүнийг өөрийгөө танилцуулсны дараахан, Жинү гэх хөвгүүнтэй улам илүү дотно танилцах хүсэл төрж, түүнтэй холбоотойгоор сэтгэлд минь оч үсэрч, зүрхэнд минь их хэмжээний цус хурж буй мэт байв.

Юү гэдэг билээ?

Аа тийм онцгой мэдрэмж.


"Өнгөний сохор гэх өвчин нь эдгэшгүй өвчин бөгөөд, 4 төрөл байдаг. (Дейтераномали, Протанопи, Тританопи, Бүрэн ялгах чадваргүй). Түүнээс хамгийн аюултай нь бүтэн өнгөний сохор буюу ямар ч өнгийг ялгаж чадахгүй байдал юм. Одоо үед эдгээр өвчнөөр өвчилсөн хүмүүст зориулсан нүдний шил, тусгай өнгийн линз, гар утасны аппликэйшн зэрэг гарсан байдаг боловч энэ нь өнгө ялгах байдлыг сайжруулан харагдуулах боловч, бүрэн өнгө ялгадаггүй хүмүүст энгийн харааг нь эргүүлэн өгч чадахгүй юм"