1. Өндөр ах
* * *
- "Хөөе, өндөр ах аа? Би яагаад заавал таны явдаг таеквондогийн дугуйланд явах ёстой гэж?"
- "Ммм, эмэгтэй хүн болохоор?"
- "Харин ч эмэгтэй тусмаа яваад дэмий биш гэж үү?"
- "Үгүй ээ, ядаж л биеэ хамгаалж сурна шүү дээ. Тэр тухай сайн бодож үзээрэй, бас ядаж миний нэг хүслийг биелүүлж өгнө гэсэн амлалтандаа хүр"
- "Аан нээрээ тийм шүү дээ. Тэгээд тэр хүсэл чинь юу юм?"
- "Миний чамаас хүсэх нэг хүсэл бол--"
Сэрүүлэгний дуунаар ахиад л үгийг нь гүйцэт сонсож чадалгүй сэрчихээд өндийж суун хэсэг бодлогошрон суув... Сүүлийн үед илүү их давталттайгаар зүүдлэх боллоо. Миний дурсамж сэргээд байгаа эсэх эсвэл зүгээр л тархи алдаа гаргаад хэзээ нэг өдөр зүүдэлж байсан зүүдийг маань давтан зүүдлүүлээд байгаагийн аль нь гэдгийг мэдэхгүй ч дэндүү ядаргаатай юм
- "Эми! Өглөөний цай бэлэн болчихсон, цайгаа уугаарай" бэлэн болчихоод доош бууж байх үед сая нэг юм намайг санав бололтой гал тогооны өрөөнөөс миний нэрийг чангаар дуудах нь сонстов
- "Аль хэдийнээ босчихоод өглөөний хоол бэлэн болохыг л хүлээж байлаа бурхан минь гэж хоолны үнэр намайг бүр галзууруулах нь байна. Аав ингэхэд яасан юм?" тавагтай хоолыг над руу сунгах үед нь ийн асуухад ээж их л бодлогошронгуй байж байснаа долоовор хуруугаа гозойлгоод
- "Ara ara~ Миний энэ ой санамж уу өчигдөр Макамото ахын чинь оронд ээлжинд гарахаар явсан. Бас дуулгах сайхан мэдээтэй шүү" урд сууснаа их л жигтэй инээсээр ийн хэлэхэд нь түүн рүү хараад
- "Юу юм? Тойруулаад байлгүй шууд хэлчихэж бай л даа" гэхэд тэр хошуугаа унжуулаад
- "Муухай гэдэг нь. Хүн тийм гоё мэдээ дуулгах гэж байхад... Ямартай ч чи Чиёодад очиж сурч болохоор болсон" түүнийг өгүүлбэрээ дуусгах үед золтой л идэж байсан зүйлдээ хахаад үхчихсэнгүй...
- "Наадах чинь юу гэсэн үг юм? Та хоёр чинь яасан ч явуулахгүй гээд байгаагүй билүү?" урдаа байсан уснаас балган ярихтайгаа болчихоод асуувал тэр инээгээд
- "Аав чинь л эсэргүүцэж байснаас биш би бол дэмжиж байсан юм. Биеэ дааж амьдрахад суралцана шүү дээ. Бас гэнэт яагаад тэнд очихоор болсон бэ гэвэл" яриаг нь таслан уруул дээр нь дараад
- "Биеэ даахад сурна гэхээр чинь би тэнд ганцаараа амьдрах хэрэг үү? Та хоёр яах юм?" гэхэд тэр гарыг минь буулган над руу заагаад
- "Хүний үг гүйцэт сонсчихож бай л даа. Бүрэн сонсдоггүй болохоор чинь л байнга асуух юм гарч ирээд байдаг юм ш дээ. Тэгэхээр байна шүү... Аав бид хоёр чинь Токиод байршил сайтай газарт байр авсан юм. Бас аав бид хоёрын чинь ажил руу тэндээс дор хаяж 3 аас 4 цаг явж байж хүрэх учраас эндээ үлдээд харин тэнд байшингаа хоосон үлдээхгүйн тулд чамайг тийшээ явуулахаар болж байгаа юм. Их олон өрөөтэй болохоор чи хүссэн өрөөндөө орж болно шүү. Аан бас чиний үеийн нэг хүү өрөө хөлслөхөөр болсон учраас чи тэр мөнгөөр нь амьдраад байж болох байх"
- "Галзуураа юу? Эрэгтэй сурагч гэхээр ядаж надад муу зүйл болно гэж бодогдохгүй байна уу?" нүдээ бүлтрүүлэх шахам асуух үед тэр тоосон ч шинжгүй толгой сэгсрээд
- "Чамайг тоохоор хүүхэд биш байна лээ. Бас муу зүйл болвол хоёр эмэгтэй хүүхэд байвал хэцүү харин ядаж нэг нь эрэгтэй байвал хамгаалчихна шүү дээ. Тэгээд ч хүргэнтэй болчих ч юм билүү хэн мэдлээ. Бас өрөөнүүдийг цоожтой болгосон болохоор санаа бүү зов. Аав чинь тийм зүйлийг мартана гэж үү?" гээд мөрөө хавччихаад шууд л өрөө рүүгээ гүйгээд орчихов
- "ОКААА-СААААААН" түүний ард орилсоор үлдсэн ч бага зэрэг баярын мишээл өөрийн эрхгүй тодруулж байлаа. Би үргэлж л тусдаа гарахыг хүсдэг байсан шүү дээ... Хэдий тэнд хүнтэй амьдрах ч гэлээ аав ээж биш юм чинь тусдаа гарсантай ялгаагүй хэмээн бодоод ч амжив
- "Чамайг шилжүүлэх тухайгаа сургуулийн захиргаанд чинь мэдэгдчихсэн болохоор санаа зовох хэрэггүй... Бас зуны амралт дуусаад шууд явна гэхээр чамд 2 долоо хоногийн хугацаа байгаа юм байна. Бид хоёр зарим нэг хэрэгтэй зүйлсийг чинь бэлдэж өгөх болохоор маргааш хамт гадуур гарцгаая" орой ирсэн цагаасаа хойш үг дуугараагүй аав хоолны ширээний ард өөдөөс харж суухдаа л сая нэг юм хэлэх гээд хэлж чадахгүй байсан бололтой гэнэт л баахан үг ар араас нь дуржигнуулав. Би харин нэгд нэгэнгүй сонсон инээхгүйг хичээн хоолноосоо халбагадаж байв
- "Бас ээж чинь хүргэн гээд байсан тийм зүйл яасан ч байхгүй шүү ойлгов уу? Сургуулиа төгсөхөөсөө өмнө найз хөвгүүнтэй болвол үсээ хусуулаад Төвд явж лам болоорой" гэхэд нь тэсэлгүй инээж орхив. Харин тэгэхдээ амандаа байсан хоолоо тэдэн рүү цацчихсанаа анзаарсангүй инээсээр байгаад тэднийг ч бас инээлгэж орхив
- "Энэ хүүхэд яахаараа ийм заваан байдаг байна аа? Сонин гэдэг нь... Тэнд очоод гологдох юм байна даа" энэ мэтчилэн нэгнээ шоглосоор оройн хоол өндөрлөж бид ч орондоо орцгоолоо...
- "Чиёода... Гэнэ ээ?" удаах нойр хулжсан шөнө. Хэдийгээр тэдний Токиод очиж болно гэсэн нь сайхан санагдсан ч гэлээ тэднээс хол байна гэдэг надад төсөөлөгдөж өгөхгүй байна... Бас тэнд ахлах сургуулийн сүүлийн 2 жилийг өнгөрүүлнэ гэхээр нэг л танил бус мэдрэмж сэтгэлийг минь эзэмдэн байлаа
* Маргааш нь
- "Тэгэхээр үнэхээр явахаар болж ээ? Бид хоёрыгоо мартчихав даа?" бараг уламжлал болсон ээлжит долоо хоногийн уулзалтын яриан дундаа Мио Таками хоёрт Чиёода явна гэдгээ хэлсэн юм
- "Хүлээ, сая би буруу сонсоогүй бол эрэгтэй сурагч өрөө түрээслэнэ гэсэн биз дээ?" Мио-чаныг ингэж хэлэх үед Таками шууд л түүний гараас атган орилж гарав
- "Кяаа~ Царайлаг хөвгүүн байгаасай билээ. Тэгвэл манай Эми эцэст нь нэг юм хүнтэй үерхэнэ шүү дээ" Таками Мио хоёр нийлээд суучихвал тэр өдөржин миний чих амардаггүй... Үгүй ээ, тэр чигт минь ядрааж орхидог. Гэсэн ч тэдэнтэй байхдаа би уйдаж үзээгүй, хамт дэлгүүр орж элдвийг хийгээд л... Харин одоо тэднээс холдоно гэдэг... Бас шинэ найзтай болох хэрэгтэй гэхээр...
- "Ингэхэд, чи Токио руу очоод нөгөө хүнээ хайх юм уу?" би бүр гайхаж орхив...
- "Нээрээ ийм боломж гарсан болохоор нөгөө хүнээ хайх байх" Таками Мио хоёрын мэддэг бас тэдний ярианаас нэг ч үг ойлгохгүй байгаа тэдний өмнө суух миний мэдэхгүй тэгснээ хайх гэж байгаа хүн гэхээр... Хэн?
- "Би хэнийг хайх гэж?" удаан гэгч нь толгойгоо ажиллуулсан ч хэн ч толгойд орж ирээгүй тул аргаа баран тэднээс асуухад тэд нэгэн рүүгээ харснаа
- "Аан тэр... Чи санахгүй байгаа болохоор хэлсэн нь зүйтэй байх. Чамайг осолд орохоос өмнө чиний байнга ярьдаг байсан хүн. Чи одоо болтол түүний тухай санаагүй байх нь ээ?"
- "Ослоос хойш бараг бүгдийг нь саначихсан ч гэлээ хайх ёстой хүн байдгийг харин..." толгойгоо маажсаар ийн хэлэхэд тэд уртаар санаа алдаад
- "Тэр үед ч аймар байсан шүү. Ямартай ч тэр хүн чиний анхны хайр... Тэрнээс хойш чи хэнд ч дурлаагүй"
- "Та нар анхны хайр гэж яаж мэдэж байгаа юм? Би хүртэл санахгүй байхад шүү?" урдаа байх амттангаас идсээр асуухад тэд жигтэйхэн сонин царай гаргаснаа
- "Чиний ярьдаг сэдэв байнга л тэр хүний тухай байдаг байсан. Тэгээд ч зогсохгүй тэр хүний нэрийг сонсох бүртээ л сандраад байдаг байсан тэрийг анхны хайр гэхгүй юм бол өөр юуг анхны хайр гэх юм?" гээд уртаар санаа алдав. Харин яриан дундаа тэдний үг нэг ч зөрсөнгүй бүр ээрч муурсан ч гүй... Тэд л ийм зүйлийг дуу нэгтэйгээр ярина даа
- "Тэгвэл ядаж нэр нь?"
- "Чи хэлдэггүй байсан. Гэхдээ байнга өндөр ах, өндөр ах л гээд байдаг байсан"
Тэгэхээр зүүдэнд орж ирж байсан хүн... Миний анхны хайр байсан хэрэг үү?
- "Тийм-- байх нь ээ..."










