1.
-7 сар чи минь ирчихэв үү?
Тэр өдөр хэний ч амьд гарч тэсэхээргүй хээгүй халуун өдөр байв. Зовлонт хүмүүн та нар нэмж шаналагтун гэсэн мэт минут өнгөрөх тусам дулаан нэмэгдэнэ. Нэмэгдэх тусам хөлс урсан, хувцас норно. Бараг бороонд шалба норохоос ч илүү усан хулгана болтол хөлс урсана.
“Дэлхий зүгээр л халуун гал зуухтай саун байсан бол яах вэ?”
Духаар минь дусал хөлс урсах үед энэхүү бодол толгойд минь зурвас мэт орж ирлээ. Сүүлийн үед бодлогширон суух минь их болжээ. Мэдээ сонин ч их унших болж. Амьдрал минь олон хуудаст ном, эсвэл зуун ангит кино байсан бол өдий үе минь шинэхэн нэгэн хэсэг нь болж таарах байсан биз. Тархи минь арай өөрөөр ажиллаж байгаа нь илт мэдэгдэж байна.
Угаалгийн өрөөнөөс ус дуслах чимээ сэрүүн зүүднээс минь сэрээв. Гэхдээ зөвхөн ус дуслах чимээ бус, түүнтэй зэрэгцэн хослох хаалга тогших чимээ дуулдахад зүрх минь гэнэтхэн хурдан лугшиж, хөл минь салганалаа. Өнөөдөр сүүлийн өдөр.
Углаашаа ч углахаа умартан хаалга руу дөхлөө. Хэн гэдгийг нь мэдэх ч дурангаар харав. Онгойлгохыг хүссэнгүй. Арчаагүй байхыг ч хүссэнгүй. Сандарсан хэдий ч чимээ гаргахыг хүсээгүй тул доош аажуухан суув. Харин гаднах хүн хаалгыг улам хүчтэй чангаар балбана. Балбах тоолонд минь зүрх хүчтэйгээр цохилно.
“Өнөөдөр гарах өдөр чинь. Дотор байгааг чинь мэдэж байна. Гахай шиг наанаа ногоорохын оронд ачаагаа баглаад тонилж үз” гэж цээжилсэн шүлэг шиг, байрны эзэн авхай ар араас нь дуржигнууллаа.
Энэ удаад ч амаргүй бололтой. Өмнө нь гурван удаа ингэж бүгсэн ч энэ удаад хэрэг арай өөр тийш эргэх бололтой.
Гар хөл минь тархины минь зааврыг ч авалгүй бушуухан гандсан саарал гар цүнхэндээ гарт тааралдсан бүгдийг чихэж байв. Угийн миний эзэмших зүйлс энд хувцас, номнуудаас минь өөр үгүй. Аа. Ногоон гэрлийн чийдэнгээ авах юм байна. Бараг хамаг дэлхий чичирхийлж буй мэт, хананд өлгөсөн жаазтай зураг, хиймэл цэцэгтэй ваар хаалга нүдэх болгонд бүжигчид аятай дээш
доош үсэрч байв. Бор цуваа нөмрөөд, хар өсгийтөө углахдаа хамгийн сүүлийн удаа гэсэн шиг толинд өөрийгөө харлаа. Саяхан халуунд хуруугаа ч хөдөлгөхөд тээртэй байхад одоо марафоны тамирчин мэт бүх зүйлээ багласаар, цааш хаашаа явах, хаана хоноглохоо үл мэдэх ч хамгийг хурднаараа хөдөлж байв. Байрны эзэн авхай сүүлд нь бүр хаалга өшиглөж эхлэлээ. Одоо ч хаалга нүдэх дуун симфони мэт чихэнд эгшиглэж байна. Эцэс сүүлд нь арай гэж өөрийн зүйлээ баглаж дуусаад, биеэ чангалан, хаалганы бариулыг доош нь татлаа. Хорсож зэвүүцсэн аль эсвэл доглон шоолсон гэх нь мэдэгдэхгүй хачин харцаар намайг ширтэж байснаа алгаа дэлгэн түлхүүр өгөхийн шаардав.
Ингэсээр хөл минь холгосон ч өөрт байх ганцхан шаахайн дотроо дэлхийн аль ч өнцөг буланд очиж болох эрх чөлөөтэй ч, өрөвдөлтэй байдалд хотын гудамжаар алхаж явна. Шаргалтсан нарны туяанд ширхэг ч үүлгүй цэнхэр тэнгрийн өнгө холилдон, хүндхэн өдрийн ард арай гэж гарсан хүмүүс бүгд гэр гэрийн зүг харьцгаах ажээ. Зөрөн өнгөрөх хүн бүр багахан ядарсан харагдах ч өнөөдрийн давсан гэх итгэлээр сэтгэл нь дулаарч, нүдэнд нь цог ассан харагдана. Би цаг руугаа харав. 8цаг гэхэд нар тэндээ л гэсэн шиг байж байлаа. Надад яарах шалтаг үгүй тул өнөөдөртөө хоног төөрүүлэх мотел хайж явсаар, хөлд минь цэврүү үүсэх шахав. Ойр хавьд таалагдах боломжийн үнэтэй мотел олдох нь өнгөрсөн гэх мэдрэмж амтагдан, хэт ядарсандаа, гудамжны модон сандал дээр хөлөө амраан, лаг хийтэл суулаа. Одоо яах хийрхэхээ үл мэдэн дэмий эргэн тойрноо ажиглах зуур нүдний минь буланд мухлагийн энгэрт олон өнгөөр эрээлжлэн харагдах сонин торов. Мөрнөөсөө зүүсэн элгэн жижиг бор цүнхнээсээ түрийвчээ гаргаж ирлээ. Надад одоо бэлнээр 26 доллар л үлдэж.
Хийх зүйлгүй суухаар ядаж л сонин гарчиглаж суусан нь бүтээлтэй мэт санагдан, нэг сонин худалдаж авав.
Сэвшээ салхи баруунаас салхилж, үс минь чиглэлд нь намирч, сонингийн хуудас мөн адил эргэлдэнэ. Хөлд минь ч бас даавуун даашинзны хормой хөдөлж байх нь мэдрэгдэхэд багахан гижиг хүрэв. Би ер нь их гижигтэй бололтой. 6хан хуудастай сонин салхинд 5 дахь хуудас дээрээ ирчихсэн байлаа. Би ч эхнээс нь эргүүлж унших гэж байтал “Ажлийн зар” хэмээсэн тод хар бэхээр жирийтэл бичсэн хоёрхон үг толгойд минь чийдэн асаахад хүргэв. Нэг нүүр дүүрэн ажлын зарууд үүрэлдсэн шоргоолж мэт олноороо харагдах нь намайг багахан баярлууллаа. Арга мухардсан ч сэргэлэн, тууштай байх хэрэгтэй.
Ингээд эхнээс нь бүгдийг нь уншиж гарав. Тогооч, ачаа зөөгч, цэвэрлэгч, зүлэг услагч, тэгшлэгч, лангуун дээр суух худалдагч гэх зэрэг ажлууд бүгд боломжтой байх авч махан бие минь өөрөө цаанаасаа л эмээж байлаа. Мөрөөс мөрлүү шилжих тусам итгэл минь алдарч байв. Өөртөө ч багахан гутарч эхлэв. Ажил хайх гэх санааг бүр мөсөн орхихоос хэдхэн секундын өмнөхөн хамгийн сүүлий мөрөнд байсан өгүүлбэр надад хачин жигтэй санагдлаа.
“Зааварлан, туслагч туслах хайж байна. Тэвчээртэй, мөн өдөржин ажиллах боломжтой байх хэрэгтэй.”
Би эдгээр өгүүлбэрийр бараг таван удаа давтаж уншихад ямар гээчийн зүйлийн талаар бичсэн буйг ер ойлгосонгүй. Юунд зааварлаж туслах юм бол? Юуг зааварлах юм бол? Тусгай эзэмшсэн нарийн мэргэжил шаардагдах болов уу? Өдөржин ажиллах боломжтой?
Энэ ажлийн хийхийг хүссэндээ бус, юу болохыг мэдэхийг хүссэндээ дугаар луу нь залгалаа. Ингэхгүй бол би энэ ажлийн талаар хэдэн хоногийн турш бодсоор сониуч зангаасаа болж галзуурч үхэх байх. Ажлийн зар тавьсан хүн нь залгав уу үгүй юу шууд утсаа авав. Хэн нэгэн залгахыг хүлээгээд сууж байсан мэт нэг л эвгүй санагдаж эхлэлээ.
“Сайн байна уу? Зарын дагуу ярьж байна. Таны тавьсан зар яг ямар ажлийн талаар бичсэн байгаа юм болоо? Би нэг л ойлгодоггү-” гэж би албаны өнгөөр өгүүлэхэд тэрээр яриаг минь ч дуусгалгүй шууд,
“Аан, би таньд сайн тайлбарлаад өгье. Та зүгээр манай хүүд юу хийх, яах ийхийг нь зүгээр хэлээд явна гэсэн үг. Ммм... юу, Манай хүү абуломаниа гэх эмгэгтэй юм л даа. Ер нь бол их амархан ажил хэдий ч өдөржин хүүтэй минь хамт байж зааварчилгаа өгөх хэрэгтэй байдаг тул хүмүүс ихэнх нь ар гэрийн ажилдаа түүртээд энэ ажлийг хийж чаддаггүй. Та хэрвээ сонирхож байвал маргааш 10 цагт хүрээд ирээрэй. Би таныг цайгаар дайлж байна. Тэгээд хоёулаа нарийн ширийн бүгдийг нь ярилцаж, тохиролцъё.” гэх баргил бүдүүн, бага зэрэг сөөнгө хоолой минут хэртэй ярилаа.
Энэ үед цээжинд минь сальют буудах шиг болов. Яг одоогийн байгаа нөхцөлд минь ид шидийн гэмээр яг таарчихсан ажил өмнө нь минь дэлгээтэй байна. Би энэ боломжийг алдаж болохгүй.
Би хариуд нь,
“За, болж байна. Би тэгвэл 10 цагт яваад очъё.” гэхэд тэрээр эрч хүчтэйгээр,
“Мэдлээ. Зар дээр байгаа хаягийн дагуу хүрээд ирээрэй” гэж хэлээд харилцуураа тасаллаа. Нүүрэнд минь хөнгхөн инээмсэглэл тодрон, саяхан л юу хийхээ мэдэхгүй, чулуугаар дүүрсэн мэт хүнд санагдсан бие минь хормийн дотор хөнгрөн, босоод хаа хамаагүй наадан бүжмээр санагдав. Энэ янзаараа, өнөө оройдоо хоноглох мотелоо хайна гэвэл боломжтой мэт санагдан, гар цүнхээ бариад бослоо. Эргэн тойрноо ажтал нэг ч мотел гэх тэмдэг байтугай М үсэг ч харагдсангүй нь жигтэй санагдав. Хачин л юм даа. Ийм том хотын хаана нь ч байхгүй байхдаа яахав дээ.
“Юмыг яаж мэдэхэв, тааралдах ч юм билүү” гэж бодсоор, аз эздээ найдан би урагш алхаж эхэллээ. Лондон хотын Ноттин Хиллд нар аль хэдийн жаргаж, гудамжны хөгжимчид тарцгаан, баар савуудын хавьцаа хүмүүс цуглаж эхэлжээ. Тайван, бөгөөд амар, жирийн л нэг эртний хэв маягтай жижиг дүүрэг.
Эргэн тойрноо ажиглан, бүгдийг эргэцүүлэн бодож байх хооронд хайж байсан газар минь олдов. Неон үсгээр жигд хадсан “Мотел” гэх 5хан үсэг амийг минь аврах шиг боллоо. Хүнд гар цүнхэндээ ч түүртэлгүйгээр хөлөнд минь хий орсон мэт хөнгхөн гүйсээр хаалгаар орж ирлээ.
Хэт жижиг, заваан биш хэдий ч шаардлагад үл нийцэхгүй орчин байдал намайг угтаж авав. Үүдний тасалгааны таазанд байх 3 хан гэрэлний нэг нь л жигд асах ба, үлдсэн хоёрын нэг нь бүр мөсөн шатаж дуусч, нөгөөх нь асаж унтарч янз янз болно. Хананд өлгөсөн зургуудын зах нь элэгдэн мууджээ. Гэхдээ одоо олдсноо голох цаг мөн гэж үү?
Рэсэпшин дээр очин, өрөө байгаа эсэхийг асуухад тэнд сууж байсан эмэгтэй нааш ч харалгүй ганцхан өрөө үлдсэн гэж дурамжхан хариулав. Миний нар гаран, хурдхан шиг үнийг нь асуухад сая л намайг хүн гэдгийг анзаарсан мэт толгойгоо өргөв. Тэрээр 40 гарч буй махлаг хэдий ч аль хэдийн гал цог нь унтарчихсан мэт гунигтай харцтай эмэгтэй байлаа. Шаргалаар будсан үсний угнаас нь өөрийнх нь төрөлх бор үс нь урган гарч ирсэн ба уйтгартай ногоон нүдтэй аж. Миний царайг харсан даруйд тэр эмэгтэй хөмсгөө зангидав. Миний шар үс босов.
“Бид азиудад үйлчлэдэггүй.” гэж ямар нь нүүрний хувиралгүй хэлээд, намайг гарахын зангалаа.
“Юу гэсэн үг вэ? Би энд удаан амьдарсан. Миний аялагыг сонсоход мэдэгдэхгүй байна уу? Эгчээ, би ганцхан шөнө л хоноглох гэж байгаа юм. Зөвшөөрөөч” гэж би гуйх аятай өчив.
“Тэр хамаагүй. Садаа бололгүй хурдхан гар. Үгүй бол хамгаалагчаар хүчээр гаргана шүү” гэж сүрдүүллээ. Би эргэж харахад түрүүнээс хойш байгаа үгүй нь мэдэгдээгүй буланд сууж байсан хижээл насны эр зүйрмэглэж байв. Би ахин гуйлаа.
“Би энгийн төлбөрөөс нь ихийг төлье. Арга барсандаа болоод л ингэж байна. Ойр хавиар өөр Мотел олдохгүй дээр нь орой болчихлоо” гэж цөхрөнгүй өгүүлэв.
“Ойлгохгүй байгаа юмуу? Ази хүмүүст манай байгууллага үйлчлэхгүй. Одоо хурдхан тонилж үз” гэж ресепшины эмэгтэй ширүүн хэлэхтэй зэрэгцэн хамгаалагч бугуйгаар минь хүчтэй барин нөгөө гараараа гар цүнхийг минь барин, үүд рүү намайг чирлээ. Сэтгэлд минь том хар бул чулуу орчихсон мэт эвгүй оргихын зэрэгцээ бугуй минь өвдөнө. Хамгаалагч үүдэнд ирсэн даруйдаа намайг түлхэн, цүнхийг минь шидэхэд дотор нь байсан бүх зүйл задран, гудамжаар дүүрэн хөглөрөв. Өвдөглөн суугаад бүгдэнг нь эхнээс нь түүж эхэллээ. Гар минь айсандаа чичрэх хэдий ч өөртөө хүчтэй байхыг сануулав. Үүнээс илүү олон зүйлс туулна шүү дээ. Өөрийгөө ямар хөөрхийлөлтэй харагдаж буйг умартан мөлхөн гудамжаар нэг тарсан хувцас хунар, номнуудаа түүх үед хүмүүсийн нүд энд тэндээс өрмөөр өрөмдөн орж буй мэт аймшигтайгаар ширтэцгээнэ. Надад хамаагүй ээ. Гол нь эвдэрч хагарсан зүйл байхгүй бол л.
“Мицүки, энэ чи мөн үү?” гэх япон үгс чихэнд минь сонсогдоход цочисхийн эргэж харав.
“Казүки?”










